Tuesday, January 31, 2012

Хүний сайхан сэтгэл...

Монгол ТВ-ээр орой болгон гардаг Сайхан түүхүүд гэдэг хэдхээн минутын хүүхдэд зориулсан солонгосын сургамжит өгүүллэгүүдийг сүүлийн үед үзэх дуртай болоод байгаам. Хүүхэд гэлтгүй том хүмүүс ч гэсэн үзэж байвал ямар нэг юм бодогдуулахаар юм билээ. Ингээд сэтгэлд тод хоногшсон нэгэн түүхийг өөрийхөөрөө энд сийрүүлэн бичие.

- Нэгэн өдөр манай байрны гадаа явуулын тэрэгтэй байцаа зардаг хүн ирчихсэн шинэхэн байцаа зарж байлаа. Тэгэхээр нь ашгүй ойрхон ирснийг нь далимдуулаад нилээн хэдийг авахаар болтол нөгөө худалдагч залуу гэрийнхээ хаягийг өгвөл хүргээд өгөе гэхэд нь би юу ч бодолгүй мөнгөө төлчихөөд, хаягаа үлдээгээд гэрлүүгээ явчихлаа.
Гэртээ хариад би нөгөө худалдагч залуу ирэхийг хүлээгээд байдаг ирдэггүй. Удалгүй ширүүн бороо ч асгарч гарлаа. Энэ зуур би нөгөө худалдагч залууг бороо зогссоны дараа ирэх юм байна гэж бодоод хүлээсээр л байлаа. Харанхуй шөнө болтол хүлээсэн боловч ирсэнгүй.  Хэдхэн байцааны мөнгөөр хүн чанараа өгчихдөг яасан муухай хүн бэ гэсэн бодол миний уурыг бүр их хүргэж байлаа. Нөхөр маань ч таньж мэдэхгүй хүнд мөнгөө өгчихдөг чиний л буруу гэж зэмлэлээ.
Ингээд маргааш өглөө болж нөгөө худалдаачин залуу бас л байдаггүй.
Гэтэл үд дундын алдад хаалганы хонх дуугарч, онгойлготол нөгөө худалдаачин залуу хамаг хөлс нь цувчихсан, нилээн ядарсан царайтай зогсож байлаа. Тэгээд юу болсныг, яагаад ингэж орой ирсэнийг нь асуухад:
-''Өчигдөрийн ширүүн бороонд таний хаяг бичиж өгсөн цаас бороонд нороод танай гэрийн хаалганы дугаарын сүүлийн тоо буюу ..5-ын тоо л үлдсэн. Тэгээд би өчигдөрөөс хойш энэ хавийн бүх байшингийн ..5-ын тоогоор төгссөн хаалга болгоныг тогшиж байцаа захиалсан айл мөн үү гэж асууж явсаар арай хийж оллоо'' гэсэн юм.
Үүнийг сонсоод би энэ хүнийг ямар муухайгаар бодож байснаасаа өөрөөсөө үнэхээр их ичсэн юм. Ингээд би тэр худалдаачинг халуун хоол, цайгаар дайлаад талархсанаа илэрхийлээд явуулсандаа.

Monday, January 23, 2012

Санаж явахад сайхан л үгс хэлсэн байна.

Кэйт Уинслет: Гайхамшигт итгэж сураарай

Кэйт Уинслет – дотроо бодолтой, тууштай, аз жаргалтай эмэгтэйн тод жишээ. Харин түүний аз жаргалын жор нь юу вэ?
Гайхамшигт итгэ. Би хувьдаа хэзээ ч алдартай болохыг хүсч байгаагүй. Би хэзээ ч туранхай байгаагүй. 15 настай байхдаа би 90 кг жинтэй байсан. Би алдартай бүдүүн жүжигчинг мэдэхгүй. Би өөрийгөө улаан хивсэн дээр явж байна гэж төсөөлж ч чаддаггүй байсан. Гэвч би ажилласаар л байсан. Харин одоо та бүхэн өнөөдөр намайг сайхан даашинзтай, улаан хивсэн дээр алхахыг маань харж байна.
Төдийлөн “оновчтой” биш магтаалд гомдох хэрэггүй. Бүх хүн бодож байгаагаа аятайхан илэрхийлж чаддаггүй шүү дээ. Хэрвээ чамд хэн нэгэн “Царай чинь ч сайхан юм аа!” гэвэл хариуд нь “Тэгээд бие маань тийм ч сайхан биш байна уу?” гэж хариу асуух хэрэггүй. Хүмүүс чиний дургуйг хүргэх гэж тэгж хэлээгүй л байх. Тэгснээрээ харин чиний өөртөө итгэлгүй байдал харагдана.   
Зөн совиндоо итгэ. Жишээ нь би хэзээ ч сэтгэл зүйчээс зөвлөгөө авч байгаагүй. Яагаад гэвэл надад гарсан асуудал, ямар нэгэн зүйлийг даван туулахаар бол би өөрийгөө, зөн совингоо сонсохыг хүсдэг. Эсвэл зүгээр л хэн нэгэн миний асуудлыг надаас илүү мэддэг мэт аяглах нь миний дургүйг хүргэдэг байж болох л доо.
Чи хэдэн настай, ямар амжилтанд хүрсэн нь хамаагүй, чамд ээж хэрэгтэй. Надад ч гэсэн ээж маань нандин. Тиймээс ээжтэйгээ хэзээ ч битгий маргалд, түүний зөвөлгөөг сонсч сур. Маргалдаж байвал түүнд “ялагд”. Дараа нь чи ялагдсандаа хэзээ ч харамсахгүй.  
 
Хүүхэдтэй болвол чи үргэлж сэтгэлийн тэнхээтэй, эрч хүчтэй  байх ёстой. 
Хүүхдүүддээ “би бусдаас онцгой, бусдаас санхүүгийн хувьд дээгүүр”  гэсэн сэдлийг битгий суулгаарай. Хэрэв бид бизнес классаар нисэж байвал Миа, Жои хоёр энэ бол зүгээр л аз гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Тийм болохоор стюардессууд надад: “Таны хүүхдүүд их хүмүүжилтэй юм аа. Гайхалтай хүүхдүүд байна” гэхэд нь миний сэтгэл онгойдог.
Хийж буй зүйлийнхээ үр дагаварын тухай үргэлж бодож байгаарай. Удахгүй охин Миа маань интернет рүү ороод миний нэрийг гүүглдээд үзий гэж асуувал яана гэж боддог. Тиймээс би гагцхүү үйлдлээ биш, үгээ ч гэсэн их цэгнэдэг. Сэм (хуучин нөхөр нь) бид хоёрын харилцааны талаархи нарийн зүйлсийг би дэлгэж ярьдаггүй.
Хэрэв эрчүүд чамд “секс” санал болгож, өдөөд байвал та хоёрын дунд сайхан зүйлс байж болохгүй гэсэн үг биш. Байж болно. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нөхөрлөл өдөлтөөс эхэлсэн жишээ олон байдаг. Харин Лео бид хоёрын дунд тийм зүйл ерөөс байгаагүй. Бид шууд л найзууд болсон.
Сайхан харагдахын тулд чамд юу зохидог, юу зохидоггүйг мэдэх хэрэгтэй. Жишээ нь би хар цагаанаас өөр өнгө байдаг гэдгийг мэддэг ч тэр өнгүүд надад зохидоггүй гэдгийг бас мэднэ. Надад хар, цагаанаас гадна сувдөн өнгө, беж өнгө бас зохидог юм байна лээ.
Хайр халамжийн илэрхийлэл заавал үнэтэй бэлэг байх албагүй. Хэрэв эр хүн надаас “Би чамд сайхан ванн бэлдээд өгөх үү?”, эсвэл “Хоёулахнаа пабд сайхан суух уу? Зөвхөн чи бид хоёр” гэж санал тавьбал би тэрийг халамж гэж хэлнэ. Заримдаа зүгээр л үнэтэй ресторанд хоол зооглох нь гэр бүлийнхэнтэйгээ оройн хоол идэх, эсвэл зүгээр хайртай хүнтэйгээ хамт дэлгүүр хэсэхтэй адил аз жаргалтай мөчүүдийг бэлэглэж чаддаггүй.  
Өөрөө өөртэйгээ байх нь маш сайхан гэдгийг мэдрэх нь маш том бэлэг шүү. Тийм ээ надад нөхөр байхгүй. Гэхдээ надад үр хүүхэд, ажил, би өөрөө байна. Надад сайхан байна.
Би гэр бүлд итгэдэг. Бие биендээ үүрэг “өгч” түүнийгээ биелүүлэх хамгийн COOL.